КОРОНАВИРУСЫН ХАЛДВАР БАТЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ ГАРЛАА
Нийтэлсэн: 2021-03-25
 Ковид-19 цар тахлын халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар түвшин” (халдвар голомтот тархалттай)-д шилжүүлэв.
 Эрдэнэбулган, Хангай, Хашаат, Тариат сумдын орох, гарах хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоов.
 Эрдэнэбулган, Тариат, Хангай, Цэнхэр, Булган, Ихтамир, Хашаат сумдын ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоож, хичээл, сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүллээ.
 Бүх төрлийн баяр, тэмдэглэлт ойн арга хэмжээ, хурал цуглаан, цайллага, хүлээн авалт, соёл урлаг, спортын арга хэмжээ, жагсаал цуглаан, аялал зугаалга зохион байгуулахыг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар хориглов.
 Хүнс, эм, усан хангамжаас бусад бүх төрлийн худалдаа, үйлчилгээг зогсоов.
 Аймаг, сумын нутгийн захиргаа, төрийн үйлчилгээний байгууллагууд ажлын тусгай горимоор халдвар хамгааллын дэглэмийг баримтлан үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж, нийт албан хаагчдийн 70 хувийг гэрээсээ цахимаар ажиллуулахаар боллоо.
 18 насанд хүрээгүй хүүхдийг гэрийн хяналтад байлгаж, дэлгүүр, худалдааны төв, олон нийтийн газраар явуулахгүй байхыг эцэг, эх, анги удирдсан багш нарт даалгалаа.
 Аймаг, сум хоорондын хяналтын постын тоог нэмэгдүүлж, хүн болон тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хяналтад бүрэн авахыг үүрэг болгов.
 Батлагдсан тохиолдлын гарал үүсэл, ойрын болон дам хавьтлыг тогтоож тусгаарлах, голомтын эцсийн халдваргүйтгэл хийхийг Эрүүл мэндийн газар, Тагнуулын хэлтсийн холбогдох удирдлагуудад үүрэг болгов.
 Тусгаарлах байранд тодотгол хийж, аж ахуйн нэгжийн дарга нартай уулзаж, бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллахыг Төлөвлөлтийн баг, аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгав.