МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Архангай аймаг Өлзийт суман дахь Шинэ Алтанзуу хийд нь анх 1989 онд тус суманд өндөр настан Чимэдбазар тэргүүтэй Өөлд бээсийн хүрээний дурсгалыг хамгаалах сэргээн босгох, хойч үедээ өвлүүлэх зорилго бүхий ”Сумын соёлын сан” хэмээх төрийн биш олон нийтийн байгууллага байгуулагдаж улмаар 1990 онтой золгон лам хар нийлсэн 13 хүний санаачилгаар Өөлд бээсийн хүрээний хурал номыг сэргээн шинэ цагийн Алтанзуу хийдийг үүсгэн байгуулжээ.
Анх 1990 онд тухай үеийн сум нэгдлээс нэг монгол гэр авч хурлаа эхэлж байсан бол 10 шахам жилийн дараа өндөр настан лам Чимэдбазар , лам Бат-Орших нарын идэвх санаачилгаар 2000 онд 13х10 м хэмжээний шинэ цогчин дуганыг хуучин Өөлд бээсийн хүрээний Чойрын дуганы туурин дээр босгожээ. 1930-аад оны эхээр алга болсон Өөлд түмний шүтээн Алтанзуу бурхныг 1998 онд лам Чимэдбазар санаачлан сүсэгтэн олны хандиваар шинээр бүтээн залжээ.
Энэ хийд нь хуучин хүрээнийхээ сүм дуганыг бүрэн бүтнээр нь залгамжлан авч хурал номыг нь сэргээсэн манай хөдөө орон нутгийн цөөхөн хийдүүдийн нэг бөгөөд хийдийг тойрон бүтээгдэх суваргыг нутгийн ард түмэн гэр бүл, төрөл садан нийлэн бүтээн босгосоор байна.
Үүний жишгээр УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Золжаргал, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа нар нутгийн иргэд, намын журмын нөхөдийн хамт, Өөлд түмний шүтээн Алтан зуу бурханы хийдийн 97 дахь суваргыг бүтээв.