МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Архангай аймгийн Ардчилсан намын хорооноос “Ардчилал-30 жил” аяны хүрээнд, “Ахмадаа сонъё” анхдагчдын чуулга уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтанд Архангай аймгийн 18 сумдыг төлөөлөн нийт 400 орчим ахмадууд хүрэлцэн ирсэн юм. Мөн ардчилсан хувьсгалын анхдагчдын төлөөлөл болон Ардчилсан ахмадын холбооны удирдлагууд БНМАУ-ын Дэд ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Золжаргал, Архангай аймгийн Ардчилсан намын дарга асан, ЗДТГ-ын ХШҮДАХ дарга Б.Лхагвасүрэн, Архангай аймгийн Ардчилсан намын дарга, аймгийн Засаг дарга асан, Байгаль орчны гавьяат ажилтан Ц.Бадрах, Архангай аймгийн Ардчилсан намын дарга асан Д.Бат-Эрдэнэ, Архангай аймгийн Ардчилсан намын хорооны дарга М.Батжаргал нар чуулга уулзалтанд оролцлоо.
Уулзалтын үеэр ахмад төлөөлөгчид улс эх орныхоо хөгжлийн төлөө гар бие оролцсон тухайгаа дурсан ярьж: “-Бид бүхэн 30 нас хүрсэн Ардчиллаа цаашид улам хөгжил дэвшилд хүргэхийн тулд ахмадаа сонсож, анхдагчдын уулзалтыг зохион байгуулсанд талархаж байна. Бид нар 30 жилийн өмнө ухуулах хуудас шөнөөр нааж, хүмүүсд адлагдаж явган гүйж явахдаа шантарч гар хумхилгүй өнөөдрийн энэ их амжилтыг бүтээн байгуулцсан түүхтэй. Бид ард түмний хүсэж мөрөөдөж байсныг хийж бүтээж байсан учраас ард түмэн бидэнд итгэж дэмжиж ялалт байгуулж байсныг мартах учиргүй. Тиймээс өнөөдөр бид ард нийтээрээ Ардчиллын 30 жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Мөн уулзалтанд Архангай нутгаас төрөн гарсан урлаг соёлын уран бүтээлчид дуу хуураа өргөн барьлаа.