Д.ЗОЛЖАРГАЛ: ТӨРИЙН ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГААС ГАРГАСАН ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2021-05-24
Аймгийн Засаг дарга Д.Золжаргал цаг үеийн талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд авах зарим арга хэмжээний тухай аймгийн Засаг даргын захирамж гарлаа.
Захирамжид:-Аймгийн хэмжээнд ресторан, цайны газар, нийтийн халуун усны газрын үйлчилгээний танхим, заалны 50 хүртэл хувийн дүүргэлттэй үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийн тусгай нөхцөл, шаардлагын дагуу ажиллахыг зөвшөөрсөн. Ингэснээр манай аймгийн хэмжээнд бар караоке болон заал, фитнессийн үйл ажиллагаа, цахим тоглоомын төвөөс бусад бүх үйл ажиллагааг нээгээд байна.
Иргэдээс заал, фитнессийн үйл ажиллагаатай холбоотой санал ирж байгаа хэдий ч манай аймгийн хэмжээнд эдгээрээс голомтолсон вирусийн тархалт өндөр гарсан. Иймээс мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу заал, фитнессийн үйл ажиллагааг нээх цаг хугацааг түр хойшлуулаад байна.
Харин худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг 09.00 цагаас 22.00 цагийн хооронд тогтоож, хяналт тавьж ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.
Зочид буудал, амралт, жуулчны баазуудад албан ажлаар болон гэр бүлийн хамт яваа иргэдэд үйлчлэхийг, мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг хангасан тохиолдолд үйл ажиллагааг зөвшөөрсөн.
Аймгаас орох, гарах авто тээврийн хөдөлгөөнд Улсын онцгой комиссын даргын 2021 оны 46 дугаар тушаалаар баталсан “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ын дагуу нэвтрүүлж, хяналт тавин ажиллаж байна.
Хэдийгээр халдвар хамгааллын дэглэм баримтлан бүх үйл ажиллагааг нээн ажиллуулж байгаа боловч, аж ахуй нэгж, албан байгууллага, иргэд та бүхэн төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг уриаллаа.
May be an image of 1 person, standing, sitting and indoor