ЖДҮ-ийг ДЭМЖИХ ЗЭЭЛ ЗӨВ ЭЗЭНДЭЭ ХҮРДЭГГҮЙ ГЭВ
Нийтэлсэн: 2021-01-26
Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалын “Ажил хэрэгч өглөөний цай” хөтөлбөр үргэлжилсээр байна. Ээлжит уулзалтад Архангай аймгийн бизнес эрхлэгч, зах худалдааны төвүүдийн лангуу түрээслэгчдийн төлөөлөл оролцлоо.
Архангай аймаг бол ХАА-ын зах зээлийн томоохон боломжийг бүрдүүлэгч аймгуудын нэг. Гэвч бид сүү цагаан идээний үйлдвэржилт, ахиц дэвшлээр амжилт гаргаж чадаагүй байна. Улсын хэмжээнд цэвэр Монгол сүүгээ пакетлан худалдан борлуулдаг компани хуруу дарам цөөн. Тэгвэл аймгийн удирдлагууд энэ мэт бизнес эрхлэгчдийг дэмжиж, эхний ээлжинд хуурай сүүний хэрэглээгээ аймгийн хэмжээнд багасгах, аймгийн нийт иргэдээ чанар стандарт хангасан, үйлдвэрлэлийн технологиор пакетласан цэвэр Монгол сүүгээр ханган нийлүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай уулзалтын эхэнд дурьдлаа.
Энэ мэт үйл ажиллагааг нь дэмжих нэн шаардлагатай үйлдвэрлэл эрхлэгч нараа цаашид бодлогын хүрээнд анхаарч, ЖДҮ-ийн зээл, хөдөлмөр халамжийн тусламж зэрэгт хамруулан ажиллах нь зүйтэй хэмээн хөтөлбөрт оролцогч нар санал хүргүүллээ. Мөн уулзалтад ирсэн төлөөллүүдээс ЖДҮ-ийн зээл нэг удаа ч авч үзээгүй, хүү багатай зээлийн тусламж, боломж жинхэнэ эздэдээ хүрдэггүй тухай санал хэлж байв. Түүнчлэн улс төрийн намын харъяалал, танил талаар дамжуулан авдаг хэмээв. Үүнийг таслан зогсоож, цаашид зөв эздэдээ хүргэх, судалгаанд үндэслэн зээлийн хүсэлтийн үнийн дүнг аль болох бууруулахгүй байх талд анхаарал хандуулан ажиллана гэдгээ Засаг дарга Д.Золжаргал хэллээ.
Мөн тэрээр,
“-Цар тахлын нөхцөл байдлаас хамааран ЖДҮ-ийг дэмжих зээл 2021 онд батлагдаагүй. Гэхдээ цаашид зээлийн журам хэвээр үргэлжилж, ирэх онуудаас бид та бүгдийн гаргасан дээрх саналын дагуу жинхэнэ эздэд хүргэх зорилгоор мэргэжлийн холбоодоор дамжуулан зээлийн хүртээмжийг сайжруулах болно. Уулзалтаас гарсан санал хүсэлт бүрийг хэрэгжүүлэн ажиллахын тулд бид албан тоот бичгээр холбогдох газар хэлтсүүдэд мэдэгдэж, хариу арга хэмжээ аван ажиллана” гэлээ.
Уулзалтын төгсгөлд бизнес эрхлэгчид болоод ард иргэдийн дунд буруу ойлголт төрүүлээд байсан “Архангайд үйлдвэрлэв” төвийн нэг давхрын түрээслэгчидтэй холбоотой асуудлыг хөндлөө.
Тодруулбал, өнгөрсөн онд “Архангайд үйлдвэрлэв” төвийн нэг давхрын түрээслэгч нарыг хөөн гаргаж, жижиг дунд бизнес эрхлэгч нарын боломжийг хулгайллаа гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд ихээр тарсан. Гэвч энэ нь иргэдийг төөрөгдүүлсэн ташаа мэдээлэл байсан юм. Өөрөөр хэлбэл “Архангайд үйлдвэрлэв” төвийн нэг давхрын талбайг Нэг цонхны үйлчилгээний төв болгон, төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлэхээр төлөвлөж байгааг дуулгалаа. Харин түрээслэгч нарыг тус төвийн гурав, дөрөв дүгээр давхрын адил зай талбайтай лангуунд нүүлгэн шилжүүлж, үйл ажиллагаа хэвийн үргэлжлүүлнэ хэмээн иргэдийн буруу ойлголтод тайлбар хийлээ. “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг байгуулснаар иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг нэг дороос, хурдан шуурхай хүргэж, цаг хугацааг хэмнэж, цаашилбал, худалдааны төвийг зорин үйлчлүүлэх иргэдийн хөдөлгөөн нэмэгдэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Мөн тус худалдааны төвд үүсээд байгаа давхар түрээсийн хууль бус үйлдлийг зогсоож, зорилтот бизнес эрхлэгч нараа дэмжин ажиллана гэв.