Уулзалтад Мал эмнэлгийн газрын дарга А.Саруулжаргал мэдээлэл хийж, 2021 онд шинээр ашиглалтад ороод буй Мал эмнэлгийн шинэ барилга болоод байгууллагын үйл ажиллагааны талаар танилцууллаа. Мал эмнэлэг нь эрүүл мэндийн үзлэг, тандалт шинжилгээ, халдваргүйтгэл, дархлаажуулалт, шилжилт хөдөлгөөний хяналтыг хийж, Ийлдэс судлал, нян судлал, ариун цэвэр магадлан шинжилгээ, шимэгч судлалын лабораториуд тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа тухай дурьдав.
Аймгийн Засаг дарга Д.Золжаргал уулзалтын үеэр хэлэхдээ,
“-2020-2024 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Мал, мах бэлтгэх цех”-тэй болох тухай тусгагдсан байгаа. Цаашлаад механикжуулсан зоорь, хяналт шалгалтын бүс, гарал үүслийн бичиг өгөх хэсэг зэрэг төвлөрсөн цехтэй болохоор бид төлөвлөн ажиллаж байна. Ингэснээр малчид хөдөлмөрчдөд мал, малын гаралтай бүтээгдэхүүнээ худалдан борлуулахдаа нэгдсэн цехээр үйлчлүүлэн, нэг дороос бүх үйлчилгээг авах боломж бүрдэх юм. Мөн малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэх ажилд давуу тал бий болно. Манай аймгийн зүүн бүсийн сумдаар малын хулгайн гэмт хэрэг их бүртгэгддэг. Энэ нь хяналт шалгалт муу, хээр талаар нядалгаа хийдэг, гарал үүслийн бичгээ танил талаар дамжуулан авдаг зэргээс шалтгаалан гэмт хэрэг хийх нөхцөл бүрдэж байгааг харуулж байна. Үүнийг Цагдаагийн байгууллагын алба хаагч нар анхааруулдаг боловч хэрэгжиж ажилладаггүй. Иймээс нэгдсэн “Мал, мах бэлтгэх цех”-ийг шат дараатайгаар сум бүрд байгуулж, үйл ажиллагаанд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй.
Дараагийн анхаарах зүйлд малын сэг зэвийг хэрхэн зөв устгах тухай асуудал хөндөгдөнө. Үүнд мал эмнэлгийн байгууллагын ажилтан мэргэжилтнүүд анхаарч, малчидтай хамтран ажиллах хэрэгтэй. Байгальдаа шингэнэ гээд орхиж огт болохгүй. Мөн мал эмнэлэг нь зөвхөн малын өвчлөл, хяналт шалгалтаас гадна малын гаралтай мах, сүү, сүүн бүтээгдэхүүний чанар, ариун цэвэрт анхаарч ажиллах хэрэгтэй. Малчдад малын эм тарианы хэрэглээг зөв зохистой ашиглах зэрэг заавар зөвлөмжийг хүргэх нь мал эмнэлгийн тасаг, тасгийн ажилтан мэргэжилтнүүдийн үүрэг. Иймээс аймаг болон сумын мал эмнэлгийн тасгийн ажилтнууддаа болон малчдад мэдээ мэдээлэл заавар зөвлөмжийг тогтмол өгч ажиллах хэрэгтэй” хэмээв.
Аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал:
“-Мал эрүүл байх нь хамгаас чухал. Малаас гарч байгаа түүхий эд хэрэглэгчийн гарт очихоос өмнө заавал лабораторийн шинжилгээ хийгдэж байж хүргэгддэг байхад анхаарч ажиллах хэрэгтэй. Үүний хяналтыг сайжруулах нь чухал. Мөн мал нядалгааны газрыг аймагт төдийгүй сумдад бий болгосноор малын хулгайн гаралт буурах, эрүүл аюулгүй мах бэлтгэх боломж бүрдэнэ. Цаашид сумдын Мал эмнэлгийн тасаг хариуцсан мэргэжилтнүүд албан өрөөндөө гарал үүслийн бичгийг баталгаажуулаад суух биш малчдад хүрч үйлчилгээ үзүүлж ажиллах нь чухал” хэмээн уулзалтын үеэр хэлж байв.
Түүнчлэн хувийн мал эмнэлгүүдтэй хамтран ажиллах, эм тариаг жоргүйгээр олгохгүй байх, малын эмчийн жороор олгох, хаврын 13 ажил, намрын 8 ажлыг өрнүүлэх, мал угаалгын ванныг нэг удаа хэрэглээд орхих биш эзэнжүүлж, бүртгэлжүүлэх зэрэгт анхааран ажиллах нь зүйтэй гэлээ.