АРХАНГАЙ АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ, ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА
Нийтэлсэн: 2021-01-25
Өнөөдөр /2021-01-25/ аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн болж, аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Засаг дарга Д.Золжаргал нар оролцлоо.
Зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга Д.Золжаргал нээж, ИТХ-ын дарга Б.Батжаргал болон ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газрын удирдлагууд мэдээлэл хийв.
Мөн Агентлагуудын 2020 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тухай танилцуулж, өнгөрсөн оны шилдэг байгууллагуудаа шалгаруулсан юм.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, тухайн онд дэвшүүлсэн зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж, 2020 онд амжилттай сайн ажилласан Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Санхүүгийн хяналт, аудитын алба, Улсын бүртгэлийн хэлтэс, Хөгжимт драмын театрыг шагналаа.
Үргэлжлээд аймгийн Засаг дарга Д.Золжаргал хэлтэс, агентлаг, байгууллагын дарга нарт дараах үүрэг даалгаврыг өгч, ээлжит зөвлөгөөнд тайлан мэдээллийг бэлтгэн ирүүлэхийг үүрэг болгов.
• 2020 онд улсын төсөв болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдсан барилга байгууламжуудыг харьяаллын дагуу орон нутгийн өмчийн бүртгэлд авах, ашиглалт хамгаалалтыг хангаж ажиллах
• Бүх шатны төрийн албан хаагч ажил, албан үүргээ хэрэгжүүлэхдээ иргэдэд хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдол гаргахгүй үйлчилж хэвших
• Хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлгийг 2-р сарын 10-ны дотор хуулийн дагуу АТГ-т хүргүүлэх
• Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг батлагдсан хуваарийн дагуу нэр төрлөөр нь жигд ханган биелүүлэх, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, татварын бааз суурийг өргөтгөх арга хэмжээ авч ажиллах
• Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Цагаан сарын баярыг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй байх тухай Засгийн газрын 2021 оны 02 дугаар тогтоолыг хэрэгжилтийг хангаж хяналт тавьж ажиллах
• Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааг 1-р улиралд багтаан эхлүүлэх
• “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөө боловсруулан батлуулж хэрэгжилтийг хангаж ажиллах
• 2021 оны 1-р сарын 25-наас 30-ны хооронд Улаанбаатар хотоос иргэдээ татан авах ажлыг хариуцлагатай зохион байгуулж, 14 хоногийн гэрийн тусгаарлалтад хяналт тавьж ажиллах
• Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх аймгийн дэд хөтөлбөр, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж танилцуулах
• Аялал жуулчлалын мэдээллийн төвийг байнгын ажилтай байлгах, үйл ажиллагааны чиглэлийн талаар санал боловсруулж шийдвэрлүүлэх
• Эрт илрүүлэг, мэдээлэл сурталчилгааны төвийн урсгал зардлыг судлан шийдвэрлэх ажлын хэсэг байгуулах, асуудлыг судалж танилцуулах