АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ЦЭЦЭРЛЭГ, ЖАРГАЛАНТ СУМДАД АЖИЛЛАЛАА
Нийтэлсэн: 2021-01-14
Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалаар ахлуулсан ажлын хэсэг өвөлжилтийн нөхцөл байдал, сумын Эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаа болон цар тахлын үеийн бэлэн байдал, тусгаарлах байрны шаардлага хангалттай танилцлаа.
Сүүлийн үед дэлхий нийтээрээ хөгжлийн төвшинг зөвхөн эдийн засгийн өсөлтөөр хэмждэг хандлагаас зайлсхийж, хүний хүчин зүйлсийн нөлөөллийг чухалчилдаг үзэл баримтлалд тулгуурлан хүний хөгжлийн асуудалд онцгой анхаарал хандуулсаар байна. Гэвч Архангай аймаг хүний хөгжлийн индексээр 21 аймгийн хамгийн сүүлийн байрыг эзэлдэг. Аймгийн Засаг дарга Д.Золжаргал үүнийг хамгийн ихээр онцолж, сумдын Засаг дарга нарт ард иргэдийнхээ боловсрол хөгжил болоод шинээр ажлын байр бий болгох зэрэгт анхаарч ажиллахыг санууллаа.
Ингэснээр шинэ залуу боловсон хүчин, нутгийн иргэд сумандаа ажиллах нөхцөл боломж нэмэгдэж, улмаар нутаг орны хөгжилд өндөр тустай хэмээн дурьдав. Ялангуяа сумдын Эрүүл мэндийн төвүүдэд нарийн мэргэжлийн эмч ажилчдаар дутмаг байгааг уулзалтын үеэр орон нутгийн удирдлагууд хэлж байв.
Мөн Цэцэрлэг сумын баруун өмнөд хэсэгт байрлах Мухар хужиртын рашааны нөхцөл байдалтай танилцаж, нутгийн иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Тус рашаан нь мэдрэлийн ядаргаа, тархи толгойн өвчин эмгэгт нэн тустай. Иймээс нутгийн иргэдээс гадна бусад аймаг сумдаас ирэх иргэдийн хөдөлгөөн тасардаггүй аж. Үүнийг дагаад тулгамдаж буй хамгийн том асуудал нь цэвэр бохирын дэд бүтэц, соёлтой нойлын асуудал хэмээн иргэд ярьж байв. Цаашид рашааныг хамгаалах, ойр орчмын бохирдолд нөлөөлж буй энэ асуудлыг аймгийн Засаг дарга анхааралдаа авч, шийдвэрлэн ажиллана гэдгээ хэллээ.
Уулзалтын үеэр Жаргалант сумын удирдлагууд сумын Засаг даргын тамгын газрын барилгын асуудлыг хөндөв. Өнгөрсөн хугацаанд тус суманд шинэ Засаг даргын тамгын газар барих тендер зарлагдаж, 1,1 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий барилгын зураг төсөл батлагдсан аж. Гэвч 250 сая орчим төгрөгийн төсвөөр барилгын ажил хийгдэж, төсөл хэрэгжиж эхэлсэн боловч үлдэгдэл санхүүжилт гацсан тул барилгын ажил сүүлийн хоёр жилийн турш царцжээ. Энэ үеэр Засаг дарга Д.Золжаргал барилгын ажилтай танилцаж, цаашид шийдвэрлэн ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгов. Мөн шаардлагатай материал, батлагдсан зураг төслийг ажлын хэсэгт танилцуул гэв.