Засаг дарга Д.Золжаргал өнөөдөр /2021-01-07/ аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрч буй зарим сумуудад ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа. Томилолтын багт холбогдох агентлагийн удирдлагууд багтаж, тодорхой арга хэмжээг авч, газар дээр нь шууд шийдвэрлэв. Мөн цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан тусгаарлах байрны шаардлага хангалт, Эрүүл мэндийн төвийн бэлэн байдал, бэлтгэл ажлын зэрэгтэй танилцав. Түүнчлэн сумдын Эрүүл мэндийн төвд хуваарилагдсан эмнэлгийн зориулалттай халад, амны хаалт, тусгаарлах байрны хэрэгсэл зэргийг гардууллаа.
Уулзалтын үеэр Цахир сумын Засаг дарга Д.Галбаатар болон Хангай сумын Засаг дарга Д.Өрнөхбаяр нар сумдынхаа өвөлжилтийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэж, холбогдох санал хүсэлт гаргаж, нутаг орныхоо хөгжилд хөтөлсөн үйл ажиллагааны хөтөлбөрт санал солилцов.
Засаг дарга Д.Золжаргал сумдын өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөнд зарцуулагдах шаардлагатай нөөц бүрдүүлэх зорилгоор тодорхой санхүүжилтэд багтаан сумдад өвс тэжээлийн нөөц бүрдүүлснийг аймгаас татан авч, малчдад тараан өгөх ажлыг яаралтай зохион байгуулахыг сумдын удирдлагуудад үүрэг болгов.
Мөн аймгийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч Р.Нямдорж, Э.Баттулга нарын гаргасан санал хүсэлтийн дагуу нэмэлтээр 50 хувийн хөнгөлттэй үнээр буюу нэг шуудай тэжээлийг 8925 төгрөгөөр тооцон нийт 500 шуудай тэжээл сумдад хуваарилан өгч, хөнгөлттэй үнээр малчдад хүргэх чиглэл өглөө.