АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, АОК-ЫН ДАРГА Д.ЗОЛЖАРГАЛ: ШУУРХАЙ АЖИЛЛАСНЫ ҮР ДҮНД БИД ГОЛОМТЫГ БҮРЭН ХЯНАЛТАД АВЧ ЧАДЛАА
Нийтэлсэн: 2020-12-25
“Архангайн амьдрал” сонины тусгай дугаарт хэвлэгдэн гарсан Засаг дарга Д.Золжаргалын ярилцлагыг хүргэж байна.
-Коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол Архангай аймагт бүртгэгдсэнээс хойш АОК ямар ямар арга хэмжээ авч ажилласан бэ?
-Халдварын тохиолдол Архангай аймгийн Батцэнгэл суманд бүртгэгдэж батлагдсан даруйд АОК хуралдаж, тухайн суманд ажиллах мэргэжлийн шуурхай багийг томилсон. Тухайн багийн бүрэлдэхүүнд мэргэжлийн байгууллагын төлөөллүүд ажилласан. Ингээд мэргэжлийн баг Батцэнгэл суманд очоод халдвар батлагдсан тохиолдлын нэг хоёрдугаар хавьтлын иргэдийн тандалт судалгаа, явсан замын маршрут тогтоох зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан.
Мөн ЗӨСҮТ-ийн баг Батцэнгэл суманд ажиллаж, халдвар илэрсэн газар буюу сумаас 28 км-ийн зайтай хот айлыг халдваргүйтгэх ажлыг нэн яаралтай хийж гүйцэтгэсэн. Ингээд Батцэнгэл суманд ХӨСҮТ –өөс PCR шинжилгээний явуулын автолаборатори ажиллаж, шинжилгээ авч эхэлснээр, сорьцыг зөөвөрлөх шаардлагагүй, хугацаа хожиж байлаа.
Ингэж шуурхай ажилласны үр дүнд бид голомтыг хяналтад авч, бүх хавьтлыг тусгаарлаж, голомтын бүсийн бүх иргэнийг шинжилгээнд бүрэн хамруулаад байна.
-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед сумдын онцгой комисст ямар ямар чиг үүрэг өгч ажилласан бэ?
-Батцэнгэл суманд гэр бүлийн гурван иргэнээс вирусийн тохиолдол батлагдсан. Тэдгээрийн 1-р хавьтлыг тогтоох явцад тухайн айлаас Ихтамир сумын гурван иргэн ирж идэш аваад хоноод буцсан гэсэн өгүүлэмжтэй байсан тул халдварыг цааш тараах эрсдэлийг тооцож, Батцэнгэл болон Ихтамир сумдад иргэдийн хөдөлгөөнийг хатуу хязгаарлаж, тэг зогсолтыг 72 цагийн хугацаатай хийх захирамж гаргасан. Энэ хооронд 1, 2-р хавьтлыг илрүүлэх байсан боловч цаг хугацааны хувьд амжихгүй байсан тул тэг зогсолтыг үргэлжлүүлэн сунгасан.
Энэ хугацаанд бүртгэгдсэн 3 тохиолдлын 1, 2-р хавьтлын 1000 гаруй иргэнд тандалт судалгаа хийж, 70 иргэнийг тусгаарлах байранд тусгаарлаж, 518 иргэнийг бүрэн ханалтад авч чадсан. Батцэнгэл сумын хэмжээнд 3800 гаруй иргэнийг PCR шинжилгээнд хамруулахад бүх хариу сөрөг гарсан.
Ингээд аймгийн хэмжээнд хөл хорионы журмыг нэг шат бууруулж, Батцэнгэл сумаас бусад 18 суманд иргэдийн хөл хөдөлгөөнийг шат дараатай нээж эхэлсэн.
Хатуу хөл хорио тогтоож, шуурхай арга хэмжээ авч ажиллах хугацаанд ОБГ-ын 13, Цагдаагийн газрын 20, Мэргэжлийн хяналтын 1, Эрүүл мэндийн газраас 10, ЗӨСҮТ-өөс 3, ЗӨСҮТ-ийн явуулын лабораторийн 3, СОК-ийн гишүүд нийт давхардсан тоогоор нийт 150 гаруй төрийн албан хаагч ажилласан.
-Төсөв санхүүгийн асуудлыг хэрхэн зохицуулж байсан бэ?
-Халдвар бүртгэгдэхээс өмнө Аймгийн Шуурхай штаб дээр ажиллаж байгаа болон эргүүлийн постуудад ажиллаж байгаа алба хаагчдын хоол хүнс, шатахуун, бичиг хэрэг, халдварын хамгаалах хэрэгсэл, бусад үйл ажиллагааны зардалд аймгийн хэмжээнд 60,0 орчим сая төгрөг зарцуулсан байсан.
Хэрэв халдвар бүртгэгдвэл санхүүгийн асуудлаа хэрхэн зохицуулах талаар төлөвлөгөө гаргасны дагуу Засаг даргын нөөц сангаас сум бүрд 5,0 сая төгрөг, халдвар бүртгэгдсэн Батцэнгэл суманд 15,0 сая төгрөг гэх мэтчилэн тухай бүр хэрэгцээт санхүүжилтийг шийдвэрлэн ажиллаад байна. Мөн АОК-т нэн шаардлагатай зүйлсийн төсөв санхүүг дор бүр нь шийдвэрлэн, санхүүжилтийг хуваарилан зарцууллаа.
Эдгээрээс гадна иргэд ААН, албан байгууллагаас аймаг сумдын Онцгой коммист амны хаалт, дархлаа дэмжих бүтээгдэхүүн, хоол хүнсний голлох бүтээгдэхүүн болох гурил будаа хандивлаж байсан тул тэдгээрийг ард иргэддээ хүргэх, алба хаагчдаа хамруулах зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулж ажиллалаа.
-Одоо нөхцөл байдал хэрхэн үргэлжилж байна вэ?
-Засгийн газрын тогтоолоор Батцэнгэл сумаас бусад сумын бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэг шат бууруулсан шийдвэрийг АОК-оос гаргасан. Аймгийн хэмжээнд 12-р сарын 14-ний өдрийн 06:00 цагаас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.