МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
• Архангай аймаг зөвхөн гадаадын жуулчид гэлтгүй дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой, асар их байгалийн үзэсгэлэн төгөлдөр, домог түүх арвинтай нутаг
• Өнөөдрийн 30 жилийн түүх бол МАН, Ардчилсан нам хоёртой салшгүй холбоотой ч ихэнх хугацаанд МАН засаглаж ирсэн Монголын ирээдүй гэрэлтэй, гэгээтэй байна шүү дээ. Ардчилал бол хүн бүхэнд маш том боломжийг өгсөн. Энэ боломжийг ашиглан өөрийнхөө ажил амьдралыг сайн сайхан авч явах нь хүн бүрийн эрхэм зорилт
• Төрж, өссөн нутгаараа овоглуулж, дуудуулах нэг хэрэг. Харин энэ нутаг усны төлөө сэтгэл чилээж, зүтгэлээ зориулах нь өөр хэрэг. Яг ийм агуулгаар зочинтойгоо ярилцлаа.
•Тэр бол УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга Дондогдоржийн Золжаргал юм.
-Хүүхэд ахуй насны дурсамжаар тань ярилцлагаа эхэлье?
-Би аав ээжийнхээ гурав дахь хүү болж, 1975 онд Архангай аймгийн Хотонт суманд төрсөн. Миний бага нас Хотонт сумын Жарантайн голын хөвөөнд, малчны хотонд өнгөрсөн. Сүү цагаа, үнээ малын ажил буцалсан малчны хотонд өссөн дөө. Хоёрхон настайгаасаа өвөө эмээ дээрээ очиж, тоодон дээлтэй, малын захаар дэгдэж өссөн болохоор хөдөөгийн амьдрал цаанаа л дотно, дулаахан санагддаг юм. Эмээ минь Сайн ноён хан аймгийн Сүжигт бэйсийн хошууны Жамьянсүрэн тайжийн ганц охин. Хэдий сургууль соёлд суугаагүй ч боловсрол өндөртэй, ном сонин их уншдаг хүн байсан. Эртний сан Субашид, Оюунтүлхүүр зэрэг алдарт зохиолуудаас эшлэл авч ярьдаг, зүйрлэж сургаалиа хайрладаг хүн байж билээ. Их зохиолч Д.Нацагдоржийг их шүтнэ. Багаасаа би эмээгийнхээ сургааль, домог яриаг сонсож өссөн. Дүү бид хоёр ойрхон, ганц насны зөрүүтэй болохоор би эмээгийн хүү болсон юм билээ.
-Удам судар, аав ижийнхээ талаар хуучлахгүй юу?
-Аавыг маань Доржготовын Дондогдорж гэдэг. Хуучнаар Бүрд сумын бага сургуульд орж, Өндөр сант сумын бага сургууль, аймгийн төвийн 1-дүгээр 10 жилийн сургуулийг тус тус дүүргээд ЗХУ-д явж, Хөдөө аж ахуйн инженер механикч мэргэжил эзэмшсэн юм билээ. Төгсөж ирээд Архангай аймгийн Төвшрүүлэхийн сангийн аж ахуйд ерөнхий инженерээр ажлын гараагаа эхэлж, Хотонт, Төвшрүүлэх суманд олон жил ерөнхий инженерээр ажилласан. Дараа нь ТМС-уудын удирдах газарт ажиллаж, ЗХУ-д орчуулагч багшаар томилогдсон байгаа юм. Тэр үедээ Чингис хааны тухай ярьсныхаа төлөө шийтгэгдэж, Төв аймгийн Баянчандмань суманд багшийн ажилд томилогдон, тэндээ гавьяаныхаа амралтад гартлаа ажилласан. Харин ээж минь Даваацэрэнгийн Дэнсмаа гэж эрдэмтэн, багш хүн бий. Архангай аймгийн Батцэнгэл, Төвшрүүлэх, Хотонт сумдын сургуульд багшаар олон жил ажиллаж, сүүлд аавтай минь хамт Төв аймгийн Баянчандмань суманд шилжин, тус сумын ЕБС-иас гавьяаныхаа амралтад гарсан. Ээж минь Ардын боловсролын тэргүүний ажилтан цол хүртэж, төрдөө үнэлэгдэн “Алтан гадас”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдаж байсан. Аймаг сумандаа нэр хүндтэй эгэл жирийн багш хүн бий. Ээжийн минь нэрэмжит математикийн олимпиад Архангай аймагт жил бүр зохион байгуулагддаг байсан. Би таван хүүтэй айлын гурав дахь хүү нь. Харин одоо бол гурван хүүхдийн аав болж, эхнэр гурван хүүхдийн хамт амьдарч байна даа.
-Танд нутаг руугаа яарах, нутгаасаа цэнэг авах мэдрэмж гэж байна биз?
-Хүн ер нь 40 нас гараад ирэхээр төрсөн нутаг, эмээ өвөөгөө өөрийн эрхгүй үгүйлж, зүүдлээд эхэлдэг юм байна. Ялангуяа би аавыгаа алдсанаас хойш нутагтаа их тэмүүлдэг, ойр ойрхон нутгийн зүг яардаг болсон. Нутагтаа очихсон, уул овоондоо мөргөхсөн гэж цаг заваа гарган зорьдог. Уул усандаа очоод ирэхээр нээх сайхан уужраад, ажил үйлс минь бүтсэн мэт сэтгэл тайвшраад л ирдэг. Би нутагтаа их элгэмсүү хүн. Зун намрын дэлгэр цагт, ажил амралт минь таарвал нутагтаа л очиж амардаг.
-Хашиж ирсэн ажил алба, хуримтлуулсан туршлага гээд хувь хүнээс бие хүнд төлөвших тэр орон зай, зүтгэлийнхээ талаар сонирхуулахгүй юу?
-Ажлын гараа маань Найрамдал зуслангийн удирдагч багшаар эхэлсэн. Миний бүхий л ажлын туршлага хүүхдийн байгууллага, нийгмийн халамж үйлчилгээний байгууллагад мэргэжилтнээс эхлэн хэлтсийн дарга, газрын дарга, яамны газрын дарга хүртэл 20 гаруй жил ажиллалаа. Удирдаж, удирдуулж явсан энэ 20 жилд олон ажлын ард гарсан хэдий ч тэдгээрээс би хоёр зүйлд ихээхэн ач холбогдол өгч, өнөөдрийг хүртэл бахархаж явдаг. Нэгдүгээрт, Нийгмийн даатгалын ерөнхий газарт Хамтын ажиллагааны газрын орлогч даргаар ажиллаж байхдаа БНСУ-д хөдөлмөр эрхэлж байсан олон мянган монголчуудын харь нутагт ажиллахдаа төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэл болох 14 тэрбум төгрөгийг өөрсдийнх нь гарт буцаан олгох ажлыг гардан гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл, БНСУ-д ажиллаж амьдарч байсан монгол иргэдийн тухайн улсынхаа нийгмийн даатгалд төлсөн 14 тэрбум төгрөгийг хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд иргэдийн гарт буцаан олгож, тэнд ажилласан жилийг нь Монголд ажилласнаар тооцуулсан гэсэн үг. 2007 оны үед сайн, муу хоёр ч 14 тэрбумын дуулиан олны анхаарлын төвд байсныг санаж байгаа байх. Үүний сайн нь миний хариуцсан ажил. Амьдрахын эрхэнд харийн орныг зорьсон элэг нэгтнүүддээ бусдад зүгээр өгсөн мөнгийг нь буцаан олгох ажлыг удирдан зохион байгуулж явсан гэдгээрээ би үргэлж бахархдаг. Иргэддээ мөнгийг нь буцаан олгож байх үед автомашины нэгдсэн “Да хүрээ” зах “хоосорч” байсан шүү. Хоёрдугаарт, Монгол Хятад хоёр улсын хилийг шалгах түүхэн ажилд гар бие оролцож явсан. Үүгээрээ би өөрийн эрхгүй бахархдаг. Монгол Хятадын хилийн 4677 км шугамыг шалгаж, өндөр нарийвчлалтай тоон аргаар газрын зураг хийж, бүр см-ийн нарийвчлалтай хилийн шугам тогтоож, маргаантай газар нутгуудыг шийдвэрлэхэд оролцсон юм. Хуучин Монгол Хятадын 1113 ширхэг цементэн багана байсан бол одоо 1595 ширхэг болгож, зуун жилийн настай боржин чулуун баганаар сольсон юм шүү дээ. Баганын нягтаршлыг нэмэх, маргаантай газар нутгийг шийдвэрлэж ажилласны үр дүнд одоо хоёр улсын хил ямар ч маргаангүй болсон. Энэ хянаж шалгасан ажлаа бид НҮБ-д бүртгүүлсэн.
-Байгаль, түүх соёлын өгөгдлөөрөө Архангайд давуу тал олон. Харин хөгжил болгох нэг хэрэг юм л даа. Тэр боломжийг хэрхэн хардаг вэ?
-Манай Архангай хөгжих хамгийн бололцоотой аймаг. Эртний хаадын өлгий нутаг. Хүннү гүрнээс эхлээд Монголын бүх хаадууд Архангай аймагт төвлөрч нутаглаж байсан. Архангай аймгийн Хотонт сум, Төвшрүүлэх сумын заагт Хүйсийн овоо гэж бий. Тэр бол Чингис хааны Их Монгол улсын төв цэг буюу хүйс нь юм. Одоогийн манай улсын төв цэг Өвөрхангай аймгийн Бүрд суманд бий. Их Чингис хааны Их Монгол улсын хүйс болсон нутаг гэдгээрээ Архангай аймаг бол аялал жуулчлалын томоохон бүс нутаг гэж би боддог. Архангай аймаг зөвхөн гадаадын жуулчид гэлтгүй дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой, асар их байгалийн үзэсгэлэн төгөлдөр, домог түүх арвинтай нутаг. Би нутгийнхаа төрийн тахилгат Суварга хайрхан, Ноён, Хатан хангай, урд хойд Тамирын гол, Тэрхийн цагаан нуур, Өгийнуур, Тайхар чулуу, Хоргын тогоо, Чулуутын гол гээд уул овоо, гол нуураараа бахархдаг. Эдгээрийг дагаж аялал жуулчлал хөгжих, улмаар нутаг орны ирээдүйд илүү хөгжлийг авчрах боломжтой. Одоо аймаг маань засмал замтай бүрэн холбогдсон, ямар ч машин техник саадгүй хүрнэ. Цаашлаад Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын урсгалыг Архангай аймгаар дайран өнгөрдөг байхаар хөгжүүлэх боломж гарц ч бий.
-Монголчууд төрдөө залбирдаг түмэн. Гэтэл төр маань төвшин байж чадаж байгаа юу, итгэл хүндлэл хүлээх хэмжээнд билүү гэвэл муучлах хариулт давамгайлах болоод байна?
-Эрт цагаас монголчууд Төрийн минь сүлд өршөө гэж төрдөө залбирч ирсэн ард түмэн. Харамсалтай нь сүүлийн үед 60 тэрбумаар төрийн албыг наймаалцах, ЖДҮ эрхлэгчдэд зориулсан зээлийг эрх баригчид болох МАН-ын бүлгийн гишүүд 900, 950 саяар нь хувааж авах, олон концесс, тендерүүдийг будилуулах зэргээс ард түмний төрд итгэх итгэл илт суларч байна. Монголын төр дээхэн үед Ю.Цэдэнбал хүртэлх бүх ерөнхий сайдуудаа Орост аваачиж цаазлуулдаг, хэлмэгдүүлдэг байсан. Гэтэл өнөөдөр бас л УИХ болон Засгийн газрын хамтын шийдвэрүүдийг хэрэгжүүлсний төлөө Монгол Улсын Ерөнхий сайд, салбарын сайдуудын нэр төрийг гутаах, шорон гянданд хорих гэсэн оролдлого газар авч байна. Тухайлбал, Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан, Ч.Сайханбилэг, С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарын улстөрчид хууль шүүхийн байгууллагын хаалга татаад явж байх жишээтэй. Ардчиллын 30 жилд монголчууд таван Ерөнхийлөгчийг сонгож, тэд 4-8 жил ажилласан. Гэтэл Ерөнхийлөгч П.Очирбат, Н.Багабанди нарыг муу муухайгаар дуудаж, Н.Энхбаяр ерөнхийлөгчийг барьж хорин Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийг хорих тухай шуурч байна. Тэр ч бүү хэл одоо албан үүргээ гүйцэтгэж буй Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүртэл сошиал ертөнцөд элдэв зүйлтэй хутгаж, муучлах зэргээр нэр хүндэд нь халдах үйлдэл гарч байна. Ингэж болохгүй л дээ. Үндсэн хуульд шүүхийн шийдвэрээр хэрэг нь шийдэгдээгүй тохиолдолд хэний ч нэр төрд халдаж болохгүй юм.
-Бид ардчиллын босгыг алхаад 30 жил болчихлоо. Аваа, өгөөний тухайд жинлүүр савлах л байх. Нэгэнт замнаснаараа урагшилж л таараа. Шилжилтийн үе гэж нэлээн удсан. Хэзээ дуусаад, одоо бид хаахна явна вэ гэх эргэлзээ ч бий?
-Өнгөрсөн онд ардчилсан хувьсгал ялсны 30 жил тохиолоо. Энэ жил Монгол улсад олон намын систем бий болж, Ардчилсан нам байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна. Хүний амьдралын жамаар бол Монголын ардчилал 30 нас хүрлээ гэсэн үг. Монголд улс төрийн ганц хүчин байсан бол олон намын системд шилжээд 30 жил боллоо. Анх төвлөрлөсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжээд хүндрэл бэрхшээлтэй олон зүйл байсан ч эдгээр он жилд бид бүгдийг даван тууллаа. Аливаа зүйл зах зээлийнхээ ёс жаягаар л явж байна, цаашдаа ч ингэж явах болно. Ер нь 1996-2000 оны үед ардчиллын шилжилтийн үе болоод өнгөрсөн гэж ойлгодог. Тухайн үеийн Засгийн газар үнэ чөлөөлсөн. Импортын барааны татварыг тэглэж, гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр оруулж ирж байлаа. Мөн малыг малчдад, орон сууцыг нь иргэдэд хувьчилсан. Социализмын үед малын тоог 200 саяд хүргэх зорилт тавьсан ч, үнэндээ 20 сая ч хүрэлгүй байсаар 1990 онтой золгосон. Харин малыг малчдад өгснөөр малын тоо толгой 70 саяд хүрч, малчдын амьдрал сайхан болж байна. “Мал хувьчилснаар бүх малаа алж идээд, зараад дуусна, ардчиллынхан монголын баялгийг үгүй хийлээ” гэж ярьж эсэргүүцэж байсан коммунистуудын яриа үлгэр болж, мал хувьчилсан нь нүдээ олсон арга хэмжээ байсан гэдэг нь бодитоор батлагдлаа. Манай Архангай аймаг сүүлийн жилүүдэд малын тоогоор улсад тэргүүлдэг болсон. Ардчиллынхан орон сууцыг иргэдэд хувьчилснаар хэдэн мянган ард иргэд өөрийн гэсэн өмчтэй болж, улмаар нийслэлчүүд маань орон сууцаа барьцаалан эргэлтэд оруулж, наймаа бизнес хийж амьдралаа дээшлүүлэх боломжтой болсон гэж би боддог. Ер нь бол Монгол улс хөгжлийнхөө зөв замыг сонгож, зөв явж байна гэж ойлгодог. Ардчиллын буянаар Монгол Улс шинэ ардчилсан Үндсэн хуультай болж, парламентын тогтолцоо баталгаажсан. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үед зарим хүний амнаас парламентын засаглалаас ухрах гэсэн санаархал гарч байсныг цаашид анхаарах ёстой. Хоёр том хөршийн дунд оршдог манай улсын хувьд парламентын засаглалыг сонгоод зах зээлийн жамаар хөгжих нь хөгжлийн хамгийн зөв бодлого гэж би боддог.
-Ардчиллын үнэ цэнэ анхныхаасаа хазайлаа гэсэн шүүмжлэл бий болжээ. Энэ юунаас үүдэлтэй гэж та дүгнэдэг вэ?
-Миний бодлоор ардчиллын үнэ цэнэ хазайгаагүй. Харин хазайлгах гэж оролдсон, янз бүрийн сурталчилгаа хийж байгаа хэсэг бүлэг хүн бий. Ардчиллынхан төрийн эрхэнд гарахаараа улс орныг дампууруулдаг, улсын хөгжлөөс хойш нь чангаадаг мэтээр сүүлийн 30 жил сурталчиллаа. Яг үнэндээ 30 жилийн түүхэнд ардчилсан хүчнийхэн дангаараа засаг барьж нэг ч үзээгүй. 1996-2000 онд тухайн үеийн Үндсэн хуулиар 76 гишүүний 51-ээр олонх болдог байлаа. Тэгэхэд ардчиллынхан 50 гишүүнтэй байсан нь хамгийн олонд тооцогдох байх. Ингээд нэг хүний дутуугаас болж ардчилсан хүчнийхэн анх удаа төрийн эрхээ алдсан МАХН-ынхны өшөө хорсолд өртөж, мөн ч их зовсон шүү дээ. Гэхдээ л тэр үеийн парламент, Засгийн газар, нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн томоохон шинэчлэлийг эхлүүлж чадсан. 2004 онд мөн хамтарсан засагтай байсан. 2012 онд олонх болж чадаагүй ч олуулаа болж, МАН-тай хамтарсан засаг байгуулж байсан юм. Монголын сүүлийн 30 жилийн түүхэнд МАН дангаараа засаглаж байгаа гэхэд нэг их буруудахгүй. Өнөөдрийн 30 жилийн түүх бол МАН, Ардчилсан нам хоёртой салшгүй холбоотой ч ихэнх хугацаанд МАН засаглаж ирсэн. Гэвч МАН-ын хэсэг бүлэг нөхдүүд маань ардчиллын үнэ цэнийг хазайлгах, хийсэн ажлыг нь буруутгах, ардчилсан хүчний удирдагч нарыг яллах ажлыг эрчимтэй хийж байгаа нь харамсалтай. Түүнээс биш ардчиллын үнэ цэнэ хазайсан зүйл огт байхгүй. Муу нэртэй болгож хазайлгахыг оролдож, ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байдаг бүлэг этгээд бий гэдгийг дахин хэлмээр байна.
-Та улс төрд анх ямар шалтгаанаар, хэрхэн хөл тавьж байв?
-Анх үеэл ахаа даган Монголын Социал Демократ Нам (МСДН)-д элсэж байсан. Үеэл ах маань Б.Болор гэж Дархан-Уул аймгийн намын дарга хүн байсан. 2000 онд ардчиллын төлөөх таван нам нэгдэж, Ардчилсан нам байгуулагдсан. Тухайн үед залуу ч байж, голдуу намынхаа залуучуудын байгууллагын ажилд л идэвхтэй оролцдог байлаа. Улмаар 2004 оны УИХ-ын сонгуулиар УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Н.Батбаяр, С.Ламбаа нарын сонгуулийн ажилд нь оролцож, тэдний улс төрийн баялаг туршлагаас тасралтгүй суралцаж ирсэн. Манай гурав чинь аймгаасаа олон удаа сонгогдож, УИХ-ын дарга, Засгийн газрын гишүүн, Төрийн сайдаар ажиллаж байсан төр нийгмийн томоохон зүтгэлтнүүд шүү дээ. Тэдний хийсэн бүтээснийг нь үнэлж, Монголын төр гурвууланд нь Монгол улсын гавъяат цол хүртээсэн. Би төрийн албан хаагч болсон учраас 2009 оны нэгдүгээр сараас төрийн албаны хуулийн дагуу намаас түдгэлзсэн. Харин 2016 оны сонгуулийн дараа ажлаасаа халагдан, намын гишүүнчлэлээ сэргээсэн. Ингээд л УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албандаа ирж ажиллаж байна даа. С.Ламбаа сайд маань одоо хүртэл бидний ажилд тусалж, Ажлын албаны ахлах зөвлөхөөр ажиллаж байна.
-Монгол улс төржилт аль түвшинд илүү байна вэ?
Ер нь бол бүх түвшинд. Нэг сонгуулийн дараа л төрийн албыг тэр чигээр нь улс төржүүлж, төрийн албан хаагчдыг ташраар нь халдаг болсон. Тухайлбал, МАН 2016 онд Ардчилсан намын үед ажилд орсон, Ардчилсан намын үед ажиллаж байсан гэдэг шалтгаанаар 30 орчим мянган төрийн албан хаагчийг бүтцийн өөрчлөлт нэрээр ажлаас нь халсан. Аймаг сум орон нутагт ч улс төржилт байсаар л байна. Зарим газар эхнэр, нөхөр хоёр өөр өөр нам, ах дүү хоёр ч өөр нам байх жишээний. Энэ бол улс төржилт өндрөө авсны нэг хэлбэр. Баг сумын түвшинд намгүй байх ёстой гэж би хувьдаа боддог. Өөрөөр хэлбэл, сумын Засаг даргыг сумын иргэд нь сонгодог, хотын даргаа нийслэлийн иргэд нь сонгодог байх хэрэгтэй. Намаас нэр дэвшүүлэх биш иргэн хүн өөрөө сумаа, нийслэлээ хөгжүүлэхийн тулд хөтөлбөрөө боловсруулж, нэр дэвшдэг байх ёстой. Тэгж байж сум баг, хот дүүрэг зэрэг нэгжээрээ хөгжих боломж бий болно. Одоо “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-д сумын иргэдийн төлөөлөгчийг сонгохдоо улс төрийн нам дэвшүүлдэггүй болгох төсөл явж байна. Тэгэхээр МАН-ынхан энэ хуулийн төслийг юу болгож батлахыг харах хэрэгтэй. Тэр хэсгийг дундаас нь сугалчихвий гэж харж байгаа.
-Монголд 30 гаруй нам байна. Таны бодлоор энэ юуг илэрхийлж байна вэ?
-Ардчилсан хувьсгалын үр дүнгээр олон намын тогтолцоо бүрдсэн. Олон ч улстөрийн хүчин Монголд байна. Гэхдээ дэлхийн улс орнуудыг хараад байхад улс төрд хүлээн зөвшөөрөгдсөн хоёр гуравхан нам л үлдэж байх шиг байна. Америкт гэхэд улс төрийн 30 гаруй нам бүртгэлтэй ч хоёр нам л ээжилж төр барьж байна. Англид гэхэд мөн адил 2-3 нам л төрийн эрх барьж байна. Манайд ч гэсэн тийм байгаа шүү дээ. Энэ бол ард түмний сонголт.
-Ойрын ирээдүйд хүрэх цэг тань юу вэ?
-Монголын улс төрийн амьдрал болоод улсынхаа хөгжлийн бодлогыг тодорхойлоход өөрийнхөө мэдлэг оюун, бүхий л хүч чадлаа зориулах болно. Энэ бол миний эрхэм зорилго.
-Тэгвэл Монголын хөгжлийн чөдөр юу вэ?
-Талцал хуваагдал. Энэ бол Монголын хөгжлийн чөдөр мөн. Жишээлбэл, энгийн нэг хоёр уран бүтээлч байсан ч нэгнээ хүлээн зөвшөөрдөггүй, хоёр сайхан аварга маань ч бие биенээ хүлээн зөвшөөрдөггүй, улс төрийн хоёр том нам байсан ч бие биенээ хүлээн зөвшөөрдөггүй ийм л хуваагдал улсын хөгжилд чөдөр тушаа болж байна.
-Хувь хүний чиг шугам тань ажил албанд юугаар илэрдэг вэ?
-Миний хувьд улс орондоо хөдөлмөрлөж эхэлсэн цагаасаа Монголын ард түмнийхээ нийгмийн амьдрал, нийгмийн хамгааллын бодлогод оролцон, хүүхэд хөгжил, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын салбарт ажиллаж ирсэн. Цаашдаа ч гэсэн энэ салбартаа л бодлого тодорхойлох зэрэг нийгэмд тустай хууль эрх зүйн асуудлаар илүү хичээн ажилласаар байх болно.
-Мөрөөдлөө хэрхэн биелүүлж байна?
-Биелүүлж байна. Би 2019 онд “Ардын төрийн чин зоригт сайд Солийн Данзан” хэмээх номыг хэвлэлд бэлтгэж гаргасан. Үүнийг олон жилийн судалгаа, архивын бодит түүхэн баримт дээр тулгуурлан хийсэн. Цаашид ч хойч үедээ энэ мэт үнэн бодит түүхийг өвлүүлэн үлдээх их хүсэл мөрөөдөлтэй. Түүнийгээ биелүүлэхийн төлөө судалж, шинжлэн ажилласаар байх болно.
-Өчигдөр, өнөөдөр, маргаашаасаа юуг харж байна вэ?
-Маргааш бүхэн дандаа шинэ зорилттой тулгардаг. Үүнийг шийдвэрлэхийн төлөө хүн бүр хичээн зүтгэх учиртай. Монголын ирээдүй гэрэлтэй, гэгээтэй байна шүү дээ. Ардчилал бол хүн бүхэнд маш том боломжийг өгсөн. Энэ боломжийг ашиглан өөрийнхөө ажил амьдралыг сайн сайхан авч явах нь хүн бүрийн эрхэм зорилт.